Showing posts with label орчуулга. Show all posts
Showing posts with label орчуулга. Show all posts

Friday, June 15, 2012

"Б.Франклин: Миний намтар" ном монгол хэлнээ

Хэдэн сарын хөдөлмөр болох орчуулгын ном маань хэвлэгдэн гарлаа! Яг гарсан нь цөөн хоногийн өмнө боловч үүнээс өмнө бичлэг оруулж завдсангүй ээ. Энэ завсар Цахим Өртөөний гишүүдийн клуб дээр номоо танилцуулаад хүртэл амжив. Франклины намтар номын тухай өрнүүлсэн тэдний хэлэлцүүлгийг сонсож суухад орчуулгын бүтээлийнхээ ач холбогдлыг улам ихээр ойлгож, тэднээс хэд гурван сайшаалын үг дуулаад их баярлаж, урамшиж байлаа. Мөн ном хэвлэгдэн гарахаас өмнө Цахим Өртөөний ах эгч нар маань дундаа мэйл лист-ээр номын анхны хувийг дуудлага худалдаанд оруулж, Финляндаас И.Цэрэн-Онолт гэдэг хүн 101$-аар худалдан авсан гээд тус холбооныхон номыг маань дэмжсэнд ихэд талархаж байгаагаа энэ далимд илэрхийлье. Энэ ном хэдий миний анхны орчуулга боловч залуус бидэнд хэрэгтэй хэд хэдэн номыг бүтээлцсэн, манай анхны блоггеруудын нэг М.Тулгат, мундаг орчуулагчдын нэг, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, нарын гараар орсон болохоор гологдохооргүй болсон болов уу.

Ном хотын бүх номын дэлгүүрүүдээр 10000 төгрөгөөр зарагдаж байгаа. 3-аас дээш ширхэгээр авъя гэвэл 99624090 утсаар холбогдож үнэгүй хүргүүлж болноо. Та бүхэн "Анхны америк хүн" гэгддэг энэ суут хүний амьдрал, сэтгэлгээ, зарчим, баялаг туршлагыг, нэг ёсондоо "100 доллар"-ыг иймхэн үнээр олж авч, өөрийгөө хөгжүүлээрэй.


Номын талаар хэн юу өгүүлснээс хэсэгчлэн сонирхуулбал:


"Өнөөгийн ертөнцийг бүтээлцсэн аугаа хүмүүсийн нэг Бэнжамин Франклины намтар монголоор хэвлэгдэн гарч буй нь манай оюуны санааны амьдралд бахархалтай үйл явдал ..."
СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана

"Цаашид нийгэм жам ёсныхоо хөгжлийн дагуу, нийгэмд хэрэгтэй хүмүүсийг, тийм үнэт зүйлсийг шаардаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл шинэ үеийн Монгол оронд Франклины адил зөв ариун сэтгэлийг эрхэмлэгч, уйгагүй хөдөлмөрч, нийгмийн харилцаан дахь зөв үнэлэмжийг дээдлэгч залуу үе хүч түрэн орж ирэх болов уу гэж миний бие найдаж явдаг. Үүнд “Намтар” ном тодорхой хэмжээгээр түлхэц өгч чадна гэдэгт итгэлтэй байна."
<Бусгаар тогтносон Монгол> номын зохиогч Эрин М.Тулгат ('Редакторын зурвас'-аас хэсэгчлэн авав)

"Франклин намтар бол Америкийн өөрийг хөгжүүлэх чиглэлийн анхны мундаг ном билээ. Энэхүү ном найз нөхдөө хэрхэн өөртөө татаж, бусдад нөлөөлөх талаар, ажил бизнестээ хэрхэн амжилт олох тухай сэтгэл татам байдлаар сургана."
Уолтер Исааксон ("Бэнжамин Франклин: Америк амьдрал", "Альбэрт Эйнштэйний амьдрал ба ертөнц" зэрэг номын зохиогч)


Холбогдох линк: http://erintulgatmn.blogspot.com/2011/05/blog-post.html (2011.5 сар)

Old yet Bestselling!

Ном маань өнөөдөр хэвлэгдээд эхэлсэн байх аа:-) Догдолж байна гэж жигтэйхэн. Тулгат ахын бичсэнчлэн, орчуулгын ном маань нэг ч болов өдрийн өмнө уншигчдын гар дээр очиж, ганц ч атугай бодол сэдлийг тэдэнд төрүүлээсэй, цаашлаад хүмүүсийн болоод эх орны маань хөгжилд дусал ч болов нэмэр хандив болоосой гэж хүсч, хүлээж, итгэж байна даа. Сая амазоноор ном захиалж явснаа, ер нь энэ ном хэр зарагддагийг үзэхээр шийдэв ээ. Анх би өөрт машид таалагдаад барьж авснаас биш энэ мэтийг нь нэг их харгалзаагүй юм. Тэгсэн их баярламаар үр дүн гарч байна гээч хөөе:

The autobiography of Benjamin Franklin ном Biographies & Memoirs төрлийнхөн дундаа №4 бестселлэр юм байна. Урд нь голдуу сүүлийн үеийн номнууд. Цааш нарийвчилбал, Biographies & Memoirs > Leaders & Notable People төрөлдөө №3, бүр цаашилбал Biographies & Memoirs › Leaders & Notable People › Rich & Famous төрлийнхөн дундаа №1 нь аж. (2011.4 сар)

Удахгүй хэвлэгдэх номын хэсгээс

Сүүлийн үес хүзүү толгойгоо хөштөл нэлээн сууж байж удаан дуншиж буй орчуулгын номоо овоо дөхүүллээ. Удахгүй хэвлэгдэнэ гэж найдна. Нээрэн би чинь урьд нь ямар ном орчуулж байгаагаа хэлээгүй байх шүү, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр юу юуны туханд хүрээгүй байж зарлаад яахав гэж бодсон юм. Одоо харин хэлчихвэл буруугүй бизээ. АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг, дэлхийн түүхэнд төрөн гарсан суут хүмүүсийн нэг Бэнжамин Франклины намтрыг монголчилж байгаа юмаа, Ганзо нь. Зуун долларын дэвсгэрт дээр хөрөг нь байдаг болохоор хүмүүс андахгүй байлгүй. Энэ алдартай сайн номыг саар орчуулгаар гутаачихгүй юмсан гэж цаг зав, хичээл зүтгэлээ харамгүй л зориуллаа. Дээр нь уг номыг орчуулах санааг анх төрүүлсэн М.Тулгат ах орчуулгын маань редактор болно уу гэсэн саналыг хүлээн авч редакторлосон болохоор уншигчдад хүргэхэд эмээх зүйлгүй болсон гэж санана. Өнөөдөр гэхдээ олныг нуршилгүй номынхоо нэг, хоёрдугаар хэсгийн эхлэл хэсгээс хүргэе:


НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Твайфорд дахь Сэйнт Асафын
Хамба ламынд 1771 он


Хайрт хүү минь:

Би хэзээний л өвөг дээдсийнхээ тухай багахан ч атугай сонирхолтой хууч яриа, баримт сэлт олж цуглуулахаараа баясан хөөрдөг хүн. Надтай хамт Англид явах үед чинь би тэнд үлдсэн хамаатнуудаасаа тэдний тухай лавлан, судалж явсныг чи санаж байгаа байх. Тэрхүү аялалын зорилго угаасаа тийм байсан билээ. Чамайг эцгийнхээ ямархан амьдрал туулж өдий зэрэгт хүрснийг бүрэн дүүрэн мэдэж аваасай гэсэндээ эдүгээ амьдран суугаа улсынхаа ажил төрлөөс хөндийрөн, сатаарах зүйлгүй, таатай нь аргагүй амран буй энэ өдрүүдийн завшаанд энэ бүгдийг би чамд зориулан бичихээр шийдлээ. Ийн шийдэхэд өөр зүйлс ч бас түлхэц болов. Төрж өссөн ядуу зүдүү орчноосоо баян чинээлэг, басхүү дэлхий дахинаа багагүй танигдах болтлоо өсч өндийн, Бурханы ивээлээр мөрдлөг болгосон онч ухааныхаа туслалцаатайгаар энэ амьдралыг аз жаргалтай туулж ирснийг минь миний үр хойч мэдэхийг хүсч магадгүй, амьдралд нь миний учирч байсантай адил нөхцөл байдал тулгарч гэмээнэ миний хэрхсэнийг санаж сэрж яваасай хэмээн бодсон билээ.

Тэрхүү аз жаргал, надад дахин нэг удаа хүний амьдралаар амьдрах санал тавьдагсан бол, өчүүхэн ч эргэлзэхгүйгээр өөрийн туулсан энэ амьдралыг ахин сонгох байсан гэж хэлэхэд хүргэдэг юм. Харин ингэхдээ би зохиогчид анхны хэвлэлд гаргасан алдаануудаа удаахь хэвлэлдээ засаж болдогийн адилаар алдаа эндлээ залруулахаас гадна амьдралынхаа зарим нүгэлт үйл, хэрэг явдлыг бусдад илүү тааламжтай болгон өөрчлөхсөн. Өөрчлөх боломж өгөхгүй ч гэлээ би дээрх саналыг хүлээн авах л байсан. Гэвч дахин амьдрах бололцоо нэгэнт үгүйгээс хойш үүнд хамгийн дөхүү нь амьдралынхаа дурсамж, дурдатгалуудыг эргэн санах хийгээд тэдгээрийг аль болох амь бөх байлгахын тулд цаасан дээр буулгах явдал мэт санагдах ажээ...


ХОЁРДУГААР ХЭСЭГ

Ноён Абел Жэймсээс миний амьдралын тухай тэмдэглэлийн
хамт ирсэн захидал (Парист хүлээн авсан)


"Миний Эрхэм, Хүндэт Найз Танаа: Би танд захидал бичихийг үе үе хүсдэг байсан авч захидал минь Британичуудын гарт орж, хэн нэгэн хэвлэгч юмуу хэрэгт дуртай нэгэн үүний зарим хэсгийг хэвлэн, миний найзын сэтгэлийг өвтгөх буюу миний бие өөрийгөө зэмлэх хэрэг гарах вий хэмээн эмээж байсан билээ.

Захидлын хамт илгээн бүхий, таны удам угсаа, амьдралынхаа талаар өөрийн гараар хүүдээ зориулан бичсэн, үйл явдал нь 1730 оноор төгсөж буй хорин гурван хуудас бичвэр, мөн таны гараар бичигдсэн бололтой зарим тэмдэглэлийн хамт миний гарт ирж, сэтгэлийг минь баясгасан цагаас хойш би хэрвээ таныг үүнээ үргэлжлүүлэн бичсэн бол эхний болон сүүлийн хэсгийг нь нэгтгээсэй, хэрвээ үргэлжлүүлээгүй бол чингэхээ бүү азнаасай хэмээн хүсэх болсон бөгөөд энэ үйлд тань хэрэг болуужин хэмээн эдүгээ эл захидлын хамт тэрхүү бичвэрийн хуулбарыг илгээлээ. Номлогчийн бидэнд сургадагчлан амьдрал гэдэг болзолгүй. Хэрвээ эелдэг, хүнлэг, өгөөмөр Бэн.Франклин найз нөхдөө хийгээд цөөн хэдэн хүнд бүү хэл сая сая хүнд ач тусаа хүртээн, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх тустай ажлаа орхин одох бол хүмүүс юу гэхсэн билээ? Энэ мэт бичвэрийн залуу хүмүүсийн оюун ухаанд үзүүлэх нөлөө үлэмж их бөгөөд бидний олны төлөө сэтгэлтэй найзын гаргадаг сонин хэвлэлүүдийн адилаар дотроо энгийн, сонирхолгүй зүйлсийг огт агуулаагүй байна. Ер энэ түүх залуучуудыг бараг л өөрийн мэдэлгүйгээр үүнийг зохиогч шиг нэр алдартай, сайн хүн болохын төлөө хичээн зүтгэхээр шуудруулах буй за. Хэвлэгдэж гэмээнэ, (би үүнийг хэвлэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна) жишээлбэл залуу хүүхдүүд таны насан залуугийнх шиг хичээл зүтгэл ба арвилан хэмнэх ёс зүйг эрхэмлэхэд найз нөхдөө хошуучлах биш үү! Тэдгээр залуусыг ямар ихээр ивээсэн хэрэг болох бол оо! Америкийн залуу үеийг ажил төрөл, арвич байдал хийгээд тохируулсан хэрэглээнд эрт анхаарлаа хандуулж, хичээл зүтгэлтэй байхад гайхалтайгаар уриалан дуудаж чадах тан шиг чадалтай өөр хэн нэгнийг юм уу хэд хэдэн хүнийг би мэдэхгүй ээ. Би эл ажилд үүнээс өөр сайн тал буюу хэрэгцээ байхгүй гэж буй юм биш, гагцхүү нэн тэргүүний энэхүү ач холбогдолтой нь тэнцэх өөр зүйлийг олж харахгүй байна."... (2012.4 сар)

Monday, April 16, 2012

Орчуулга хийх тухай санал, зөвлөгөөнүүд

Би сүүлийн үед жаахан орчуулга хийгээд байгаа ухаантай. Тиймдээ ч тэр биз, сонин сэтгүүл, блог шлог дээрх орчуулгатай холбоотой бичлэг, нийтлэл сэлтийг их ажигладаг, анзаардаг болчихоод байгаа. Ямар сайндаа л өмнөх бичлэгтээ орчуулгын санал гаргаж суухав. Өнөөдөр нет-ээр хэсэж яваад уншиж байсан, орчуулга хийх тухай хэдэн хэрэгтэй зөвлөгөөг тавьчихъя.

Орчуулах эрдэм цуврал дээр байдаг Чой.Лувсанжав гуайн зөвлөгөө. Отгонпүрэв ах блогтоо оруулжээ.

Энэ цувралуудыг 3-р курстээ Орчуулгын онолын хичээл дээр бие даалт хийх гэж Нацагдоржийн номын санд сууж үзэж байсан. Тэгээд бие даалтаа "Их дуун хөрвүүлэгч Б.Ринчен" гэдэг сэдвээр хийгээд сайн үнэлгээ авч билээ.

Баабарын бэсрэгхэн зөвлөгөө, Отгонпүрэв ахын бодол, ажиглалт
Аавын маань захидаг үг болох чиний нэр уг бүтээл дээр хэвлэгдээд л гарсан бол насан туршид чинь сайн бол сайн, муу бол муу орчуулагч/зохиолч гэсэн тамга чамайг дагалдаж явах болно гэдгийг сайтар анхаарч үг үсэг бүрээ няхуур, чамбай бичих шаардлагатай. Мөн эх зохиол дээр гарч буй оноосон нэрс, үг хэллэг
энэ тун анхаарууштай, үнэн үг ээ!

Галаарид гуайнЗалуу орчуулагчид өгөх зөвлөгөө-1

Галаарид гуайн Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-2

Гадаад хэргийн яамны сайд асан, орчуулагч Ц.Гомбосүрэн гуайн сонирхолтой ярилцлага

Үндэсний сэтгэлгээний онцлог хэлэндээ тусах нь

Дахиад л орчуулгын тухай. Хийж байгаа орчуулгаа уншиж үзэхэд доор бичигдсэн алдааг нэлээн хийгээд байх шиг санагдсан. Тиймээс өөртөө болон орчуулга хийж буй, хийх та бүхэнд М.Саруул-Эрдэнэ ахын "Сонирхол хэл шинжлэл" номоос англи, монгол хэлний гол ялгааны тухай өгүүлсэн доорх хэсгийг сануулга болгон оруулж байна. Миний бичлэгийн гарчиг номын энэ хэсгийн ерөнхий гарчиг юм шүү. Энэ тухай бас, гагц хэлний тухайд биш Өрнө, Дорно ертөнцийн ялгааны тухай Д.Батбаяр зохиолч "Амрагийн тэнгэр" номондоо бичсэн байдгаас хүргэвэл: "Дорно бол дорно. Өрнө бол өрнө. нар ба Сар. Бурхан ба Бог. Үндэс хийгээд мөчир. Төлөөлөл нь Эртний хятад, Эртний Герег...Өрнө задаргаа. Дорно бол нэгтгэл. Сэтгэхүй бол задаргаа ба нэгтгэл. Дорно бол хийсвэрлэл. Өрнө бол бодчилол... " (Сонирхолтой шүү)

5. Өгүүлбэрийн бүтэц

Өгүүлбэрийг бүтээгч гол гишүүдийг хэл шинжлэлд өгүүлэгдэхүүн(subject), тусагдахуун(object), өгүүлэхүүн(predicate) хэмээн нэрийддэг. Өрнийн хэлнүүд өгүүлэгдэхүүн буюу үйлийн эзэн, тусагдахуун буюу үйлэнд өртөгчийг маш тодорхой байхыг шаардана. Гэтэл дорны хэлнүүдэд өгүүлбэрийн хам сэдэв, яриа болж буй орчноос эдгээр гишүүдийг хийсвэрлэн тогтоож болохоор байвал заавал дурдах албагүй. "Дорж оюутан байхдаа хөлбөмбөг тоглодог байсан" гэсэн нийлмэл өгүүлбэрийг англиар буулгахад "When Dorj was a student He used to play soccer" болно. Монгол өгүүлбэрт эхний "оюутан байсан" эзэн нь Дорж учир "хөлбөмбөг тоглодог байсан" эзэн нь аанай л Дорж хэмээн хоёр дахь хэсэгт өгүүлэгдэхүүнгүйгээр найруулсан байхад англи өгүүлбэрт нийлмэл өгүүлбэрийн хоёр хэсэг хоёулаа тов тод өгүүлэгдэхүүнтэй байх ёстой. Монголчууд хийсвэрлэн сэтгэдэг ард түмэн учраас "дуслыг хураавал далай" гэх мэт өгүүлбэрийг эзэн биегүй найруулан, ерөөс хэн бүхэнд хамаатуулан ойлгож чадах бол англичууд ихэд тодорхой сэтгэдэг учраас "if you collect drops..." Хэрвээ ЧИ дуслыг хураавал ...) хэмээн заавал эзэн гаргаад ирнэ. Яруу найрагч Л.Дашням яг энэ талаар нэг сонин зүйл хуучилж билээ. Дашням гуай өөрийнхөө шүлгээс нэгэн Америк найрагчтай хамтран англи хэлээр орчуулж л дээ. "Юмны учир олдоно оо" гэсэн нэг хийсвэр хэллэгийг эвтэйхэн буулгахын тулд "бүх юм ойлгогдоно" гэсэн санаа хэмээн англиар тайлбарлаж, Гэтэл мань орчуулагч "яг юуны учир ойлгогдох юм, чухам хэн тэрийг ойлгох юм?" гээд тодорхой эзэн нэхээд зовоогоод байсан гэдэг. Хоёр хэлний энэ ялгааг үл ойлгох залуу орчуулагчид эх хэлээрээ харь хэлний загварыг барьж, ярьж бичих гээд байдаг боллоо. Нэг хүүхэлдэйн кинон дээр усанд живж байгаа нохой "Somebody help me" хэмээн хашгирна. Монгол орчуулга нь "Хэн нэг нь надад туслаарай" хэмээх аж. Уг нь хөөрхий тэр америк нохой өрнийн сэтгэлгээтэй амьтан болохоороо ХЭН туслах (somebody), ХЭНД туслах (me) гэдгээ тодорхой өгүүлж байгаа юм. Гэтэл дорны сэтгэлгээгээр бол "Туслаарай" гэхэд л хангалттай. Мэдээж, сонсож байгаа хэн нэг нь, бодоож, живж байгаа тэр мууд л тусална биз дээ. Тэгээд ч живж үхэх гэж байхад чинь юун өгүүлэгдэхүүн, юун тусагдахуун, юун хоёр бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн өгүүлбэр. Тэр нохой тэнэгтээ бус хэл нь тийм зохион байгуулалттай байгаа хэрэг. "Явбал яваг" гэсэн богинохоон монгол өгүүлбэрийг та англиар орчуулаад үз дээ. Би бол "if he wants to go, let him go" буулгана. Нэг юм хэлээд байгаа биз?

Г.Аким гуайн орчуулагчдад өгсөн зөвлөгөө

Дээхнэ тохиолдлоор Гоодаль сэтгүүл олж үзсэнд дотор нь СГЗ, орчуулагч Г.Аким гуайн ярилцлага гарсан байв. Уншаад үзтэл орчуулга хийж буй хүмүүст тун хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Яасан завшаантай хэрэг вэ гээд тийм зөвлөгөөтэй хэсгийг нь компьютертээ шивээд байсныгаа өнөөдөр оруулж байна. Би хувьдаа Аким гуайн орчуулгын нэг л номыг уншсан хүн, "Зуун жилийн ганцаардал"-ыг нь. Үнэхээр мундаг бүтээл, над шиг орчуулга оролдож буй хүмүүсийн заавал уншчихсан байх номны нэг болов уу. Аким гуайг сүүлийн үес харин мулгуу, бэртэгчин хүмүүс их л гомдоож буй бололтой. Ш.Баатар ахын блог дээр түүний бухимдаж бичсэн нийтлэл тавигдсан байна лээ.

Гоодаль: Орчуулга сайн боллоо гэж үзэхэд ямар ямар зүйлс чухал вэ?

Нэгд, орчуулж буй зүйлээ хэр зэрэг ойлгож байна вэ, хоёрт, хэр зэрэг сайхан монгол хэлээр орчуулж чадав аа гэдэг хоёр зүйлийг хэлнэ. Найруулга зүй нь их сайн, утга алдаагүй байх ёстой. Манайхны зарим орчуулгыг хэд хэд уншаад ойлгогдохгүй юм. Гэтэл жинхэнэ орчуулга гэдэг бол нэг уншаад л ойлгогдохоор байдаг.

“Монгол хэл их хатуу хэл юм. Та нарын ярьж байгаа, хэрэлдээд байгаа хоёр нь ялгагдахгүй юм” гэж гадаадынхан хэлэх нь бий. Гэтэл манайхан өөрсдөө монгол хэл бол их уянгын хэл гэж ойлгодог.

Бид чинь өөрсдөө л монгол хэлээ магтана шүү дээ. Б. Ренчин гуай “Хөндий цээжинд орогч бүгдийг илэрхийлэгч чадалт хөгжим мэт яруу сайхан монгол хэл минь” гэсэн байдаг. Энэ цээжин дотор юу л орно бүгдийг илэрхийлэх чадал буй нь хөгжим мэт яруу сайхан байх нь. Тэр сайхан нь алдагдаад манай сонин хэвлэлүүд хэлээ хазсан зүйл бичээд байх юм. Тэгэхээр хахир хатуу сонсогдохгүй яах билээ. Монгол хэлийг уянга яруу болгодог нь нэгд эгшгэндээ байна. Монгол хүн яагаад ямар ч хэлийг цэвэрхэн сурчихдаг вэ гэвэл дэлхийн бүх ард түмний авиа Монголд байдаг учраас тэр юм. Монгол хэлийг уян налархай болгож буй хоёр дахь шалтгаан нь үйл үгэндээ байна. Нэр үг хэлийг хатуу болгодог эд юм. Мөн нэр үг оруулахгүйгээр зөвхөн үйл үгээр ч бид ярих боломжтой. Энэ тухай би бичиж л байсан даа. Зурагтаар гар бөмбөгийн тэмцээн тайлбарлаж байгаа хүн “тэдэн номерын хүн дамжуулалт хийгээд, тэдэн номерын хүн өргөлт хийгээд... цохилт хийлээ” гэж байгаа юм. Гэтэл тэр тайлбарлагч баахан “лт”-үүдийг хэлж ядсаар байтал аль хэдийнээ бөмбөг уначихаж байгаа байхгүй юу. Үүнийг давууллаа, авлаа, өргөлөө, цохилоо гэхэд болчихож байгаа юм. Бөмбөгнийхөө хурдыг ч гүйцнэ. Ингэхээр орчуулга ч биш, зохиол ч биш зүйл бичихгүйн тулд хэлийг уян налархай болгогч үйл үгээр бичиж сурах хэрэгтэй.

Ном орчуулах сонирхолтой хүмүүс орчуулах номоо хэрхэн сонгох нь зүйтэй вэ?

Хүн өөрөө л сонирхож, үүнийг би орчуулж, уншигчиддаа хүргэж чадах юм байна, өөр хүн бол барахгүй ээ гэж бодож хийвэл тэр орчуулга сайн болно. Хүн дуртай юмандаа сайн шүү дээ. Ер нь нэгэнт уран зохиолын, уран орчуулагч болъё гэж бодож байвал өөрийнхөө зүрх сэтгэлийг өгсөн тэр зохиолчийн бүтээлийг орчуулах хэрэгтэй.


Жич: Зургийг Орчуулгын блог-оос авав. Зураг хайж яваад энэ блогийг олсон юм. Тун хэрэгтэй блог шиг харагдав. Одоо эцээхэн шиг үзээтхэе. Та бүхэн бас сонирхоорой. (2011.1 сар)