Friday, June 15, 2012

"Б.Франклин: Миний намтар" ном монгол хэлнээ

Хэдэн сарын хөдөлмөр болох орчуулгын ном маань хэвлэгдэн гарлаа! Яг гарсан нь цөөн хоногийн өмнө боловч үүнээс өмнө бичлэг оруулж завдсангүй ээ. Энэ завсар Цахим Өртөөний гишүүдийн клуб дээр номоо танилцуулаад хүртэл амжив. Франклины намтар номын тухай өрнүүлсэн тэдний хэлэлцүүлгийг сонсож суухад орчуулгын бүтээлийнхээ ач холбогдлыг улам ихээр ойлгож, тэднээс хэд гурван сайшаалын үг дуулаад их баярлаж, урамшиж байлаа. Мөн ном хэвлэгдэн гарахаас өмнө Цахим Өртөөний ах эгч нар маань дундаа мэйл лист-ээр номын анхны хувийг дуудлага худалдаанд оруулж, Финляндаас И.Цэрэн-Онолт гэдэг хүн 101$-аар худалдан авсан гээд тус холбооныхон номыг маань дэмжсэнд ихэд талархаж байгаагаа энэ далимд илэрхийлье. Энэ ном хэдий миний анхны орчуулга боловч залуус бидэнд хэрэгтэй хэд хэдэн номыг бүтээлцсэн, манай анхны блоггеруудын нэг М.Тулгат, мундаг орчуулагчдын нэг, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, нарын гараар орсон болохоор гологдохооргүй болсон болов уу.

Ном хотын бүх номын дэлгүүрүүдээр 10000 төгрөгөөр зарагдаж байгаа. 3-аас дээш ширхэгээр авъя гэвэл 99624090 утсаар холбогдож үнэгүй хүргүүлж болноо. Та бүхэн "Анхны америк хүн" гэгддэг энэ суут хүний амьдрал, сэтгэлгээ, зарчим, баялаг туршлагыг, нэг ёсондоо "100 доллар"-ыг иймхэн үнээр олж авч, өөрийгөө хөгжүүлээрэй.


Номын талаар хэн юу өгүүлснээс хэсэгчлэн сонирхуулбал:


"Өнөөгийн ертөнцийг бүтээлцсэн аугаа хүмүүсийн нэг Бэнжамин Франклины намтар монголоор хэвлэгдэн гарч буй нь манай оюуны санааны амьдралд бахархалтай үйл явдал ..."
СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана

"Цаашид нийгэм жам ёсныхоо хөгжлийн дагуу, нийгэмд хэрэгтэй хүмүүсийг, тийм үнэт зүйлсийг шаардаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл шинэ үеийн Монгол оронд Франклины адил зөв ариун сэтгэлийг эрхэмлэгч, уйгагүй хөдөлмөрч, нийгмийн харилцаан дахь зөв үнэлэмжийг дээдлэгч залуу үе хүч түрэн орж ирэх болов уу гэж миний бие найдаж явдаг. Үүнд “Намтар” ном тодорхой хэмжээгээр түлхэц өгч чадна гэдэгт итгэлтэй байна."
<Бусгаар тогтносон Монгол> номын зохиогч Эрин М.Тулгат ('Редакторын зурвас'-аас хэсэгчлэн авав)

"Франклин намтар бол Америкийн өөрийг хөгжүүлэх чиглэлийн анхны мундаг ном билээ. Энэхүү ном найз нөхдөө хэрхэн өөртөө татаж, бусдад нөлөөлөх талаар, ажил бизнестээ хэрхэн амжилт олох тухай сэтгэл татам байдлаар сургана."
Уолтер Исааксон ("Бэнжамин Франклин: Америк амьдрал", "Альбэрт Эйнштэйний амьдрал ба ертөнц" зэрэг номын зохиогч)


Холбогдох линк: http://erintulgatmn.blogspot.com/2011/05/blog-post.html (2011.5 сар)

Old yet Bestselling!

Ном маань өнөөдөр хэвлэгдээд эхэлсэн байх аа:-) Догдолж байна гэж жигтэйхэн. Тулгат ахын бичсэнчлэн, орчуулгын ном маань нэг ч болов өдрийн өмнө уншигчдын гар дээр очиж, ганц ч атугай бодол сэдлийг тэдэнд төрүүлээсэй, цаашлаад хүмүүсийн болоод эх орны маань хөгжилд дусал ч болов нэмэр хандив болоосой гэж хүсч, хүлээж, итгэж байна даа. Сая амазоноор ном захиалж явснаа, ер нь энэ ном хэр зарагддагийг үзэхээр шийдэв ээ. Анх би өөрт машид таалагдаад барьж авснаас биш энэ мэтийг нь нэг их харгалзаагүй юм. Тэгсэн их баярламаар үр дүн гарч байна гээч хөөе:

The autobiography of Benjamin Franklin ном Biographies & Memoirs төрлийнхөн дундаа №4 бестселлэр юм байна. Урд нь голдуу сүүлийн үеийн номнууд. Цааш нарийвчилбал, Biographies & Memoirs > Leaders & Notable People төрөлдөө №3, бүр цаашилбал Biographies & Memoirs › Leaders & Notable People › Rich & Famous төрлийнхөн дундаа №1 нь аж. (2011.4 сар)

Удахгүй хэвлэгдэх номын хэсгээс

Сүүлийн үес хүзүү толгойгоо хөштөл нэлээн сууж байж удаан дуншиж буй орчуулгын номоо овоо дөхүүллээ. Удахгүй хэвлэгдэнэ гэж найдна. Нээрэн би чинь урьд нь ямар ном орчуулж байгаагаа хэлээгүй байх шүү, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр юу юуны туханд хүрээгүй байж зарлаад яахав гэж бодсон юм. Одоо харин хэлчихвэл буруугүй бизээ. АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг, дэлхийн түүхэнд төрөн гарсан суут хүмүүсийн нэг Бэнжамин Франклины намтрыг монголчилж байгаа юмаа, Ганзо нь. Зуун долларын дэвсгэрт дээр хөрөг нь байдаг болохоор хүмүүс андахгүй байлгүй. Энэ алдартай сайн номыг саар орчуулгаар гутаачихгүй юмсан гэж цаг зав, хичээл зүтгэлээ харамгүй л зориуллаа. Дээр нь уг номыг орчуулах санааг анх төрүүлсэн М.Тулгат ах орчуулгын маань редактор болно уу гэсэн саналыг хүлээн авч редакторлосон болохоор уншигчдад хүргэхэд эмээх зүйлгүй болсон гэж санана. Өнөөдөр гэхдээ олныг нуршилгүй номынхоо нэг, хоёрдугаар хэсгийн эхлэл хэсгээс хүргэе:


НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Твайфорд дахь Сэйнт Асафын
Хамба ламынд 1771 он


Хайрт хүү минь:

Би хэзээний л өвөг дээдсийнхээ тухай багахан ч атугай сонирхолтой хууч яриа, баримт сэлт олж цуглуулахаараа баясан хөөрдөг хүн. Надтай хамт Англид явах үед чинь би тэнд үлдсэн хамаатнуудаасаа тэдний тухай лавлан, судалж явсныг чи санаж байгаа байх. Тэрхүү аялалын зорилго угаасаа тийм байсан билээ. Чамайг эцгийнхээ ямархан амьдрал туулж өдий зэрэгт хүрснийг бүрэн дүүрэн мэдэж аваасай гэсэндээ эдүгээ амьдран суугаа улсынхаа ажил төрлөөс хөндийрөн, сатаарах зүйлгүй, таатай нь аргагүй амран буй энэ өдрүүдийн завшаанд энэ бүгдийг би чамд зориулан бичихээр шийдлээ. Ийн шийдэхэд өөр зүйлс ч бас түлхэц болов. Төрж өссөн ядуу зүдүү орчноосоо баян чинээлэг, басхүү дэлхий дахинаа багагүй танигдах болтлоо өсч өндийн, Бурханы ивээлээр мөрдлөг болгосон онч ухааныхаа туслалцаатайгаар энэ амьдралыг аз жаргалтай туулж ирснийг минь миний үр хойч мэдэхийг хүсч магадгүй, амьдралд нь миний учирч байсантай адил нөхцөл байдал тулгарч гэмээнэ миний хэрхсэнийг санаж сэрж яваасай хэмээн бодсон билээ.

Тэрхүү аз жаргал, надад дахин нэг удаа хүний амьдралаар амьдрах санал тавьдагсан бол, өчүүхэн ч эргэлзэхгүйгээр өөрийн туулсан энэ амьдралыг ахин сонгох байсан гэж хэлэхэд хүргэдэг юм. Харин ингэхдээ би зохиогчид анхны хэвлэлд гаргасан алдаануудаа удаахь хэвлэлдээ засаж болдогийн адилаар алдаа эндлээ залруулахаас гадна амьдралынхаа зарим нүгэлт үйл, хэрэг явдлыг бусдад илүү тааламжтай болгон өөрчлөхсөн. Өөрчлөх боломж өгөхгүй ч гэлээ би дээрх саналыг хүлээн авах л байсан. Гэвч дахин амьдрах бололцоо нэгэнт үгүйгээс хойш үүнд хамгийн дөхүү нь амьдралынхаа дурсамж, дурдатгалуудыг эргэн санах хийгээд тэдгээрийг аль болох амь бөх байлгахын тулд цаасан дээр буулгах явдал мэт санагдах ажээ...


ХОЁРДУГААР ХЭСЭГ

Ноён Абел Жэймсээс миний амьдралын тухай тэмдэглэлийн
хамт ирсэн захидал (Парист хүлээн авсан)


"Миний Эрхэм, Хүндэт Найз Танаа: Би танд захидал бичихийг үе үе хүсдэг байсан авч захидал минь Британичуудын гарт орж, хэн нэгэн хэвлэгч юмуу хэрэгт дуртай нэгэн үүний зарим хэсгийг хэвлэн, миний найзын сэтгэлийг өвтгөх буюу миний бие өөрийгөө зэмлэх хэрэг гарах вий хэмээн эмээж байсан билээ.

Захидлын хамт илгээн бүхий, таны удам угсаа, амьдралынхаа талаар өөрийн гараар хүүдээ зориулан бичсэн, үйл явдал нь 1730 оноор төгсөж буй хорин гурван хуудас бичвэр, мөн таны гараар бичигдсэн бололтой зарим тэмдэглэлийн хамт миний гарт ирж, сэтгэлийг минь баясгасан цагаас хойш би хэрвээ таныг үүнээ үргэлжлүүлэн бичсэн бол эхний болон сүүлийн хэсгийг нь нэгтгээсэй, хэрвээ үргэлжлүүлээгүй бол чингэхээ бүү азнаасай хэмээн хүсэх болсон бөгөөд энэ үйлд тань хэрэг болуужин хэмээн эдүгээ эл захидлын хамт тэрхүү бичвэрийн хуулбарыг илгээлээ. Номлогчийн бидэнд сургадагчлан амьдрал гэдэг болзолгүй. Хэрвээ эелдэг, хүнлэг, өгөөмөр Бэн.Франклин найз нөхдөө хийгээд цөөн хэдэн хүнд бүү хэл сая сая хүнд ач тусаа хүртээн, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх тустай ажлаа орхин одох бол хүмүүс юу гэхсэн билээ? Энэ мэт бичвэрийн залуу хүмүүсийн оюун ухаанд үзүүлэх нөлөө үлэмж их бөгөөд бидний олны төлөө сэтгэлтэй найзын гаргадаг сонин хэвлэлүүдийн адилаар дотроо энгийн, сонирхолгүй зүйлсийг огт агуулаагүй байна. Ер энэ түүх залуучуудыг бараг л өөрийн мэдэлгүйгээр үүнийг зохиогч шиг нэр алдартай, сайн хүн болохын төлөө хичээн зүтгэхээр шуудруулах буй за. Хэвлэгдэж гэмээнэ, (би үүнийг хэвлэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна) жишээлбэл залуу хүүхдүүд таны насан залуугийнх шиг хичээл зүтгэл ба арвилан хэмнэх ёс зүйг эрхэмлэхэд найз нөхдөө хошуучлах биш үү! Тэдгээр залуусыг ямар ихээр ивээсэн хэрэг болох бол оо! Америкийн залуу үеийг ажил төрөл, арвич байдал хийгээд тохируулсан хэрэглээнд эрт анхаарлаа хандуулж, хичээл зүтгэлтэй байхад гайхалтайгаар уриалан дуудаж чадах тан шиг чадалтай өөр хэн нэгнийг юм уу хэд хэдэн хүнийг би мэдэхгүй ээ. Би эл ажилд үүнээс өөр сайн тал буюу хэрэгцээ байхгүй гэж буй юм биш, гагцхүү нэн тэргүүний энэхүү ач холбогдолтой нь тэнцэх өөр зүйлийг олж харахгүй байна."... (2012.4 сар)

Өөртөө унших дадал хэвшүүлэхийг хүсвэл...

Дуртай блогоороо дамжиж яваад Унших дадал суулгах 14 арга нэртэй нэг зөвлөгөө олж ихэд таашаав. Тэгээд (ганц нэг давхацсан аргыг нь орхиод) ихэнхийг нь орчуулаад доор тавьчихлаа.


Хэрвээ та өөртөө унших дадал хэвшүүлэхийг хүсвэл үүнд туслах олон арга бий.

Юуны түрүүнд, сайн номтой бол унших нь маш сайхан ажил гэдгийг сана. Харин маш муу юмуу туйлын хэцүү ном унших бол та өөрийгөө хүчлэх шаардлагатай болж, яг л хүнд хүчир ажил хийх мэт санагдана. Ийм байдал хэдэн өдөр дарааллан үргэлжилбэл та уг номоо орхиж, тааламжтайгаар уншиж болох ямар нэгэн ном олж авахыг хичээгээрэй. Үүнээс гадна, унших дадлыг хэвшүүлэхийн тулд дараахь зөвлөгөөнүүдийг туршаад үз:

Цаг тогтоо: Та өдөрт дор хаяж 5-10 минут ном унших хэд хэдэн цагтай болох хэрэгтэй. Тухайн өдөр юу ч тохиолдлоо гэсэн эдгээр цагуудад номоо унш. Жишээлбэл, өглөөний цай болон өдрийн хоолны үеэр (ганцаараа хооллодог бол оройн хоолны цагаараа ч тэр) уншлага хийгээд дадчих. Тэгээд жорлонд суухдаа, мөн орондоо орсон хойноо тус бүр 10 мин ном уншдаг болъё гэвэл өдөрт нийт 40 мин ном уншдаг болох юм. Энэ маягаар эхэлбэл та удахгүй маш зөв унших дадалтай болно.

Үргэлж ном авч яв. Хаа ч явлаа гэсэн номоо бүү орхи. Би гэрээсээ гарахдаа үргэлж жолооныхоо үнэмлэх, түлхүүр, ном зэргээ хамгийн түрүүнд шалгадаг. Би номоо ажилдаа болон янз бүрийн уулзалт, болзоонд явахдаа, ер нь хаа ч явсан авч явдаг. Уншихгүй дээ гэж бодсон газар луу (жишээ нь кинотеатр) явахдаа хүртэл шүү. Хэрвээ та хэн нэгийг хаа нэгтээ хүлээх хэрэг гарвал номоо унш. Цагийг үр ашигтай өнгөрүүлэх гайхалтай арга шүү.

Жагсаалт гарга. Уншихыг хүссэн номнуудынхаа жагсаалтыг гарга. Үүнийгээ та тэмдэглэлийн дэвтэртээ юмуу хөүмпэйжэн дээрээ, эсвэл хувийнхаа викид, ер хаана ч хадгалж болно. Ямар нэг гоё, сайхан номын тухай интернэтээс юмуу хэн нэгнээс дуулмагцаа жагсаалтандаа нэмэхээ, хэдийнэ уншчихсан номоо жагсаалтаасаа хасахаа мартуузай.

Чимээгүй орчныг сонго. Гэртээ тайван намуухан орчин олоод, сандал дээрээ тухлан номоо тасалдалгүй унш. Сандлын чинь ойр зурагт, компьютерээс авахуулаад чанга хөгжим, гэр бүлийн гишүүд, өрөөний найзууд гэх мэт анхаарал сарниулагчид бүү байг.

Зурагт, интернетийн хэрэглээгээ багасга. Хэрвээ та үнэхээр л илүү их уншихыг хүсч буй бол ингэхээс өөр аргагүй. Магадгүй олон хүмүүст хэцүү байх л даа. Гэхдээ зурагт, интернетээс холдон байж олж авсан минут бүрээ уншлагандаа зориулж болно гэдгээ санаарай. Энэ дадал танд хэдэн минутаар биш хэдэн цагаар унших боломжийг олгоно.

Хүүхэддээ ном уншиж өг. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэндээ ном уншиж өгөөрэй. Ингэх нь тэднийг ном уншдаг хүн болгох хамгийн сайн арга юм. Энэ дадал тэдэнд амьдралдаа амжилт олоход нь туслах нь гарцаагүй. Хүүхдийн хамгийн сайн номуудыг олж аваад уншиж өгөх хэрэгтэй шүү. Ингэснээр та давхар өөртөө унших дадал хэвшүүлж буй, ерөөс хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлж хэрэг юм.

Хуучин номын дэлгүүрт зочил. Миний очих хамгийн дуртай газар бол хуучин номын дэлгүүр. Тэнд би өөрийн хуучин номнуудаа өгч, авах номнуудаа ихээхэн хямдруулдаг юм. Хэдхэн төгрөг зараад л хүссэн номнуудаа авчихна даа.

Номын санд очдог өдөртэй бол. Хуучин номын дэлгүүр явахаас зардал багатайгаар ном унших арга бол мэдээж номын санд суух. Долоо хоногийн масшрутандаа номын санг багтаагаарай.

Хөгжилтэй, хөнгөн ном унш. Таныг үнэнхүү автуулж чадах, уншуулаад л байж чадах тийм номнуудыг олж аваарай. Агуу бүтээлүүд биш байг, хамаагүй, таныг унших хүсэлтэй л болгож байвал болох нь тэр. Унших дадлыг хэвшүүлшнийхээ дараа та илүү хэцүү номыг бол уншиж чадна, харин одоохондоо хөгжилтэй, хөнгөн ном бариад ав.

Хамгийн таатай ажлаа болго. Уншлагын цагаа өдрийн хамгийн таатай цагаа болгоорой. Унших зуураа сайхан цай юмуу кофе ууж, өөрийгөө дайл. Тохилог гэгчийн сандал дээр зөөлөн хөнжилтэй тухал. Нар мандахад, нар жаргахад, бас далайн эрэг дээр номоо уншаарай.

Блогтоо бич. Ном унших дадлыг хэвшүүлэх хамгийн сайн аргуудын нэг нь юу уншсанаа блогоо хөтлөх явдал юм. Та блоггүй бол болох хэрэгтэй. Үнэгүй шүү дээ. Гэр бүлийнхэн, найзуудаа блогтоо урьж өөртөө ямар ном унших талаар санал, зөвлөгөө өгүүл, уншиж байгаа номон дээрээ тэдний сэтгэгдлийг сонс. Энэ арга танд зорилгоо байнга ухамсарлаж байхад тань тусална.

Зорилго тавь. Өөртөө би энэ жил 50 ном уншмаар байна (хэд ч байж болно) гэж хэл. Тэгээд гүйцэлдүүлэхийг зорь. Гэхдээ хамгийн гол нь ном уншиж байгаадаа сэтгэл хангалуун байгаа эсэхээ мэдрэх юм шүү. Тооны хойноос хөөцөлдөж болохгүй.
(2011.2 сар)

Cүүлд уншсан ном

Benjamin Franklin: An american life

Урьд нь ийм том хэмжээний англи ном уншиж байсангүй. Гэлээ ч үнэнхүү биширдэг, хүндэлдэг хүнийхээ намтрыг таашаалтайяа гэгч нь, зовлонгүй уншлаа. Зохиогч Walter Isaacson нь CNN-ийн CEO, Times сэтгүүлийн эрхлэгч редактор (managing editor) хүртэл хийж явсан, А.Эйнштэн, Х.Киссенжер нарын намтрыг болон бас бус хэдэн намтар бичсэн нэртэй сэтгүүлч хүн байна. Тэрбээр Франклинг нэвт шувт судалж, уг номоо бичсэн нь уншингуут аяндаа мэдэгдэнэ, номын сайшаал үгүүдээс ч харагдана. Алдартай намтар судлаач David McCullough, Бэн Франклины намтрыг мөн бичиж байсан Edmund Morgan нар түүнийг даацтай магтжээ. W.Isaacson одоогоор Apple-ийн S.Jobbs-ын намтрыг бичихээр ажиллаж байгаа гэлүү дээ, нэг тийм юм дуулсан шүү.

Франклины өөрийн гараар бичсэн (The Autobiography of Benjamin Franklin) намтартаа өгүүлсэн зүйлсийг улам дэлгэрүүлж, мартсан, орхигдуулсан зүйлсийг нь нэмж, насан өндөр байхдаа бичсэнээсээ болж ганц нэг зүйл андуу эндүү санасныг нь засч, өгүүлж амжаагүй үлдсэн амьдралынх нь түүхийг болоод нас барснаас нь хойно түүний үр удам хэрхсэн, Америк хийгээд дэлхий дахинд ямар өв үлдээсэн талаар, нэр алдар нь хэрхэн түгсэн тухай нэмэн баяжуулж өгсөн нь туйлын сонирхолтой болжээ. Ялангуяа өөрийн намтартаа бичиж амжаагүй сүүлийн гучаад жилийнх нь амьдралыг, америкийн колониуд тусгаар тогтнолоо олохын төлөө тэмцэж байсан, тусгаар тогтносныхоо дараа үндсэн хуулиа батлах, улс орныхоо үндэс суурийг зөв бат тавихын төлөө зүтгэж асан энэ хугацаанд Франклин улс төрийн ямархуу замнал туулсан тухай нэлээн дэлгэрэнгүй оруулж өгсөн нь бидний хувьд дэлхийн тэргүүлэгч орны хөгжлийн уг үндэс чухам юундаа байж вэ, ямар хүмүүс энэ улсын бүтээлцэж вэ гэдгийг танин мэдэхэд түүхийн чухал ач холбогдолтой мэт санагдана. Франклин АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Ж.Адамс, гурав дахь Ерөнхийлөгч Т.Жефферсон нартай хамт Францад хамт дипломат үүрэг гүйцэтгэж, анхны Ерөнхийлөгч Ж.Вашингтонтой харилцаа холбоотой байж. Тэрбээр арай залуу байсан бол (дурдсан улс төрчдөөс тэр 20, 30 насаар ахмад, Ж.Вашингтоныг 1789 онд ерөнхийлөгчөөр сонгогдоход 83-тай өвгөн байв) АНУ-ын Ерөнхийлөгч болж ч магадгүй байж дээ гэж санагдсан. 100 долларын дэвсгэрт дээр хөрөг нь заларчихсан ер нь л АНУ-ын “ерөнхийлөгч болж байгаагүй ерөнхийлөгч” гэж болохоор хүн юм даа. Ингээд энэ мэтчилэн түүний гайхалтай амьдралын тухай олон баримтуудыг дэлгэж болох ч та бүхэн өөрсдөө хожим уншвал илүү амттай байх болов уу. Доор, түүсэн үг өгүүлбэрүүдээсээ цөөн хэдхэнийг (голдуу сүүл хэсгээс нь) оруулаад орхиё:

-His arrival in Philadelphia is one of the most famous scenes in autobiographical literature: the bedraggled 17-year-old runaway, cheeky yet with a pretense of humility, straggling off the boat and buying three rolls as he wanders up Market street.

-"There had been almost no famous autobiographies before Franklin, and he had no models" writes Carl Van Doren. That is not entirely true...But Van Doern is correct when he says that Franklin "wrote for a middle class which had few historians. His book was the first masterpiece of autobiography by a self-made man."

-Back at Hume's house in Edinburgh, Franklin spent another few days enjoying the intellectual cirle there. He met with Adam Smith, who reportedly showed him some early chapters of the Wealth of Nations that he was then writing.

-When he had finished a draft (of Declaration of Independence) and incorporated some changes from Adams, Jefferson sent it to Franklin on the morning of Friday, June 21. "Will Doctor Franklin be so good as to peruse it," he wrote in his cover note, "and suggest such alterations as his more enlarged view of the subject will dictate?"

-They were both very smart, but otherwise they had quite different personalities. Adams was unbending and outspoken and argumentative, Franklin charming and taciturn and flirtatious. Adams was rigid in his personal morality and lifestyle, Franklin famously playful. Adams learned French by poring over grammar books and memorizing a collection of funeral orations; Franklin (who cared little about the grammar) learned the language by lounging on the pillows of his femal friends and writing them amusing little tales.

-Jefferson shared Frankllin's belief that idealism and realism should both play a role in foreign policy. "The best interest of nations, like men, was to follow the dictates of conscience," he declared. And unlike Adams, he completely revered Franklin. "More respect and veneration attached to the character of Dr.Franklin in France than to that of any other person, foreign or native," he wrote, and he proclaimed Franklin "the greatest man and ornomant of the age." When word spread, a few months later, that he was being tapped to replace Franklin, Jefferson gave his famed reply: "No one can replace him, Sir, I am only his successor."

-All of this made him the most accomplished American of his age and the most influential in inventing the type of society America would become. Indeed, the roots of much of what distinguishes the nation can be found in Franklin: its cracker-barrel humor and wisdom; its technological ingenuity; its pluralistic tolerance; its ability to weave together individualism and community cooperation; its philosophical pragmatism; its celebration of meritocratic mobility; the idealistic streak ingrained in its foreign policy; and the Main street virtues that serve as the foundation for its civic values.
His focus tended to be on how ordinary issues affect everyday lives, and on how ordinary people could build a better society. But that did not make him an ordinary man. Nor did it reflect a shallowness. On the contrary, his vision of how to build a new type of nation was both revolutionary and profound.


Аан тийм, миний дуртай блоггер Ben Casnocha бас энэ номыг уншаад их шүтэж байсан юм билээ. Бичсэн сэтгэгдэл нь энэ байна. (2011.2 сар)

Өвгөн үгсийг өөртөө сануулав

Д.Урианхай абугайн "Өвгөн үг" номын хуудаснаас шүүрдбэй:

Зөв амьдрахуй

Зөв амьдрахуй гурван ёсонд буюу:
Үзэмжит эдийг биедээ "агсах" нь атаанд баригдахын даллага тул бусдын нүд асаах хэт хээнцэр гоёмсогт нэрмэгдэхгүй, бор жирд ханах лугаа нэг;
Үхээнц доройд угнагдах нь адаг шаагдахын даллага тул бусдын доромж дээрэнгүйг нэрдээ үл халдаах хэтий эрдэм чадалд ноён суух лугаа хоёр;
Өвдөх хийгээд зовох нь насад үл хүсэгдэх гаслан тул биедээ өвчин хуучгүй, сэтгэлдээ гэмээнэ хийснээ чамлах, хэмжээ хирийн багад адган харуусахаас өөр гэмшил, зовиурьгүйгээр амьдын далайг гэтлэх лугаа гурав болой.

Амьдралын томъёо


Өөрийөө үнэнхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү энд ч бүү үг дурс!
Үнэмлэхүй аугаа үйлд зорь! Хонь мэт номхон хүлцэнгүйгээр хичээн үйлд!
Үйлийнхээ үнэ цэнэд үнэнхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!
Итгэлээ үгүйсгэгдэшгүй үнэнд барь! Ертөнцийн чанар дотор өөр үнэн үгүйд цээжээ ягштал үнэмш!
Үхэн үхтэлээ үйлийнхээ үргэлжлэлд бүү эргэлз!
Энэ бөгөөс жаргалтай амьдралын "нууц томъёо"! (2000. Алтан тэвшийн хөндий)

Юуны тулд?

Хүмүүнд амьдрахуйн эрчим бүл юуны тулд заяадаг буй?
Хоёрхон тохиолд хэрэг буйн тулд буюу:
а. Өөрийн өмьдралд өнөө тохиосон бэрхийг давахад зарах, хэтэд тохиох бэрхийг давахад зарахаар нөөцлөх;
б. Өрөөлийн амьдралд өнөө тохиосон бэрхийг давахад нь туслаар зарах, хэтэд тохиох брхийг нь давахад туслаар нөөцлөх;
"Өгүүлсэн бэрх эс тохиовоос яах?" хэмээн өчүүхэнээ ч бүү эсэргэц!
Дэлхий-гараг тэнхлэггүй эс эргэхийн адил хүмүүний амьдрал өнөөд хийгээд хэтэд магад тохиох бэрхгүйгээр эс эмхрэх, хүн-гараг "тойрог"-т эс чадах аюу! (1991)

"Туулахуй"-н зарчим

"Туулахуйн зарчим"-ын хувьд, хүн хорвоогийн уудмыг "хоёр зээрд"-ээрээ таварсаар туулах ч ялаа үргээхтэй л адил! Гагцхүү, төө төөгөөр ч бай, хамаагүй, хороох л хэрэгтэй!
Өдөр бүр заавал хороох!
Болж өгвөл, цаг бүр!
Бүүр болж өгвөл, хором бүр!
Заавал хороох!...
Хором бүр хороон... эс зогсон... эс ухран... хоёр хөлөө юманд өчүүхэнээ ч эс бодон... огт эс хайрлан... эцсээ "туултал" үргэлж хоёр хөл дээрээ хүчлэн зогсож... хүмүүн биш мэт хүчлэн зогсож... өмнөх зайгаа үргэлж хороох хэрэгтэй!
Үргэлж!
Болж өгвөл өдөр бүр... цаг бүр... бүүр болж өгвөл, хором бүр!
Хором бүрд хоёр хөлөө хүчлэн...хүмүүн биш мэт хүчлэн... хэзээ ч эс ухран... хэзээ ч эс зогсон... гагцхүү урагш... заавал урагш... газар хороон "ялаан үргээх" хэрэгтэй!
Энэ бөгөөс "Туулахуй"-н зарчим! (1998) (2010.10 сарын бичлэг)

Сонирхолтой хэл шинжлэл

За хө, муу блогоо ухаж гаргасугай. Хөөрхийгөө тоосонгүй он удав даа. Одооноос бичвэл бичсэн шиг, бичихдээ хүнд хэрэг болох юмс бичих гэж хичээнээ, барахнуу яахнуу.

Өнөөдөр хийж байгаа юмаа түр хойш тавиад нэг сайхан ном уншлаа. АНУ-ын Индианагийн Их Сургуульд судалгааны ажил хийж буй МУБИС-ийн Монгол Судлалын Сургуулийн багш Мягмарын Саруул-Эрдэнэ ахын "Сонирхолтой хэл шинжлэл" гэдэг ном. Гойд сонирхолтой болохоор нь худалдаж авсан дорхноо л машиндаад хаячлаа. Зохиогч хэл шинжлэлийн нарийн боловсорсон, ойлгоход бэрхтэй онол ухааныг "зүгээр л хоёр найз суугаад хууч хөөрч байгаа мэт, эсвэл болсон явдал, онигоо ярьж байгаа мэтээр санаагаа чөлөөтэй солилцон" бичихийг зорьж, үнэхээр ч бидний өдөр тутам хоорондоо харилцахдаа хэрэглэдэг энэ хэл гээч зүйлийн тухай элдэв жишээ баримт, онигоо, болсон явдлуудаар хачирлан сонирхолтой сайхнаар бичиж чаджээ. . "Нохой хичнээн уран сайхан хуцлаа ч эцгийгээ ядуу боловч шударга нэгэн байсан гэдгийг өгүүлж чадахгүй (Б.Рассел)" бол харин бүр баян, бас шударга эцэгтэй байсан гээд ч "гөрдөж" чадахаар төрсөн залуус биднийг зүй зохистой ярих хийгээд зөв найруулгатай бичихэд сургах их л хэрэгтэй ном байна шүү, та минь ээ! Миний олон шинэ содон зүйлс мэдэж авсны хамгийн наад захын жишээ гэвэл монгол хэл маань эртний үедээ өнөөгийн франц, орос мэтийн хэлүүд шиг хүйс тоогоор зохицдог байж ш дээ. Тэгээд зарим жишээ, онигоог нь уншаад бүр татаад унацан. Дүү бүр хэд хэдэн удаа гайхаж хараад, та хөөе зүгээрүү, аан? гэсэн ш дээ. Миний сонирхлыг хэл шинжлэлийг орчуулгын онолтой холбогдуулан бичсэн хэсэг нь бүр илүү татаж байлаа, одоо юм хум орчуулах болвол Ralph гэдгийг Ральф биш Ралф гэж бичих нь зүйтэй юм гэдгийг мэдэх болсоон.

Номын нь төгсгөлийн Та үүнийг мэдэх үү? булангаас:

***
"Бээжин"-гийн "жин-кин (Пекин)", "Токио"-гийн "кио", "Киото"-ийн "кио" бүгд нэг үг бөгөөд "нийслэл гэсэн утгатай"

***
АНУ-ын хамгийн урт газрын нэр бол Массачүсэтс муж дахь нэгэн нуурын нэр юм. Нутгийн Индианчуудын хэлээр уг нуурыг "чаргоггогоггманчауггогоггчаубунагунгамаугг" хэмээх нь "чи тэндээ загасаа барь, би эндээ загасаа барина, дунд нь хэн ч засаг барихгүй" гсн үг болно. Гярхай ажиглавал та энэ нэрэнд хэд хэд давтагдаж буй "загас" гэсэн үгийг "ггогогг" болохыг таньж чадна. (2010.9 сар)

Шилдэг шүлгүүд-2

"Энэ өдрөө мянган сайны учрал бүрдэж, үзэг цаас хоёр нийлсэн нь юутай сайн, эрхмийн дээд ерөөл хийгээд баярын мишээл мэт ээ.."

Унших юмсан, олж авах юмсан гэсэн номоо өнөөдөр олж аваад бөөн баяр байна. Хэвлэлийн газрыг нь хүнээс сураглаж, дараа нь лавлахаас утсыг нь асууж, утсаар нь хөөж байршлыг нь олоод хүнд өгөөд битгий дуусчихсан байгаасай гэж залбираастай гүйх шахам хүрч очсон доо. Баттогтохын хар багаасаа үерхсэн дотны найз яруу найрагч буюу эгч гэж өөрийгөө танилцуулсан сайхан зантай эгч Чи шүлэг бичдэг үү? Булганых уу? Аль сургууль вэ? гэж асуун яриа үүсгэх зуураа цепиэ уудласан. 300-хан хувь хэвлэсэн, ойн жил таарсан тул амархан тарсан, түүнийг хүнд хүргэх таниулахын тулд ямар ямар ажил хийж буй тухайгаа хүүрнэж над нэрийн хуудсаа өгөн тэрхэн зуур надтай сайн хампаан болоод авсан шүү. Би хэдэн төгрөг өгөх вэ? гэхэд Өө, эгч нь мөнгө авахгүй. Энэ номыг угаасаа ийм журмаар өгч буян болж байгаа юм гэсэн.
Ийм ном байна. Өмнөх номонд нь ороогүй, хүмүүсийн ер уншиж байгаагүй шүлгүүд, багшдаа бичсэн захидлууд, нэгэн бэсрэг туужаас бүрджээ.
Ганчимэг эгч "Тэр таныг харж байгаа" гэж бичээд гарын үсгээ зурж өгсөн нь.
Ингээд Баттогтохынхоо хос номтой боллоо. Анхныхыг нь бас л сониноос мэдэж Их Монгол дээд сургууль дээр очин асууж сураглаж байж утга зохиолч шүүмжлэгч, зохиолч Батхуяг ахаас авсан. Авсан гэж намайг зориод очсон болохоор бас бэлэглэсэн.Хүмүүсийн мэддэг, хамгийн хийт шүлгүүд нь багтсан ном.
Батхуяг ах над өгөхдөө бас үүнийг бичиж өгсөн юм. "Эрхэм дээд зүйл нь эрдэм ном болой. Яруу найраг язгуур юм шүү" гэж бичсэн байгаа. 2 номыг хоёуланг нь ингээд өөртөө гарын үсэг, үг бичүүлээд авчихдаг азтай гар юмаа би.. (2010.1 сар)

Иргэншил, монгол угсаатан, бас бус


11.26-ны энэ өдөр манай улс Анхдугаар Үндсэн Хуулиа (ҮХ гэж бичий товчлоорой, нүгэл муу ёр) баталж социализмын замд эргэлт буцалтгүй оржээ. Энэ өдөр бас, бичлэгээ би оруулмoй.

Өчдөр МТВ-ийн Гараг нэгдлийн захирал Бадамсамбуу ах манай сургууль дээр ирээд уулзалт, яриа маягийн юм хийсэн юм. Сонсууштай сонин юм ярьдгийг нь мэддэгийн хувьд сууж сонслоо л доо. Хэлж ярьсныг нь өөрийнхөөрөө "сайхан" найруулж, "гуйвуулаад" яахав, мартдагаа мэдэж алдахгүй гэж тэмдэглэж авсан хэдэн зүйлээ дураар нь тавьж орхиё.

-Бид бол бүдгэрч буй иргэншлийн сүүлчийн хүмүүс. Дархлаагаа алдаж буй угсаатан. Ухаандаа сүүлчийн "могиканууд". Бид нүүдэлчид байхаа больж байна... Магадгүй та нарын нүдэн дээр иргэншил яаж унадаг тэр процесс явагдаж мэднэ.

-А.Тойньбигийн судалснаар дэлхий дээр 23 иргэншил, 5 хавсармал иргэншил байдаг гэнэ. Тэр 5-ийн нэг нь Түрэг, Монголчуудын иргэншил. (мөхөж буй тавыг нь хэлсэн юм болуу?!)Иргэншлийн хувьд монгол ганцаардсан. Угсаатны баруун захын Туркууд лалын шашинтай болж, зүүн захын Солонгосууд Хятадын нөлөөнд орсон. Буддист иргэншлийн хувьд ч тэр. Монгол л ганцхан Их хөлгөний шашинтай.

-Баруунд тоогддоггүй, барууны эрдэмтдийг сөрж зогсдог, Зөвлөлт улсдаа ч гадуурхагдсан ганц эрдэмтэн Л.Гумёлов иргэншлийн насыг тодорхойлсон байдаг. 1200 гэж. Хэрвээ монгол угсаатны түүхийг Бөртэ Чоно, Гоо маралаас эхлэн тоолбол эдүгээ 1200 орчим жил болж байна. Харин Чингис хаан гарч ирсэн үеэс эхлэн тооцвол 800 жил болж байгаам байна. Шпенглерийн онолоор европын орнууд оргил үедээ 1900-аад оны үед хүрсэн гэж үздэг, тэд энэ оргилд хүрэх гэж 400 жил тэмцсэн. энэ онолоор үзвэл одоо унаж яваа байх нь..Хятадууд өнөөдөр түүхэндээ байгаагүй өндөрт гарч байна. (тэр Тойньбигийн номыг үтэр олж үзмээр санагдсан)

-Одоо, ирээдүй 2 бол яахав, өөрчилж болно. Харин өнгөрсөн бол хэцүү. Өнгөрснөө баталгаажуулах гэдэг том асуудал. Бидэнд судлах зүйл асар их байна. Өрнөдийнхний хувьд монгол шинэ улс. Би 1997 онд Европт ...-ын номын санд ороод 3 сая орчим номноос монголын тухай ном олж чадаагүйдээ бараг уйлж билээ. Өнөө муу Мозамбек, африкын орнуудын ном хичнээнээрээ л байсан. Гэтэл бид зүгээр нэг бүдүүлэг нүүдэлчид байгаагүй. Түүхэнд анхны даяар гүрнийг байгуулж, удирдаж, дэлхийн түүхийг бичиж (МНТовчоо бас Рашид Аддины Судрын Чуулганыг хэлж байна, МНТ сүүл хэсгээрээ дэлхийн түүх болдог гсн)явсан хүмүүс. Өнөөдөр тэд биднийг их сонирхон судалж байна. Биднээс хамаарахгүйгээр л Чингис хааны тухай ном, кинонуудыг гадаадууд бүтээж байна. Энэ монголчууд чинь дэндүү ч бүдүүлэг гарууд байгаагүйм байнаа гэдгийг ойлгож эхэллээ. Бид энэ дээр нь жаахан хөшүүргэ хийхэд л болж байгаам. Хятадууд ч монголчуудын түүхийг ч зөвшөөрч эхэллээ, Өвөрмонголчуудыг соёлоо сэргээхийг нь дэмжиж байна. Сайндаа ч биш, сүүлдээ монгол чинь бидний л хэсэг шүү дээ гэж хэлэх гээд байгаам. Бид ингэж байхад нь хүчийг нь дагуулаад ашиглаж болно шүүдээ. Тэр муу Мозамбек зозембек биш, баян түүхтэй хүмүүс чинь өнгөрснөө баталгаажуулж авах нь чухал. Түүхчид Баабарыг муулаад л байдаг. Гэтэл тэр хүн чинь тэр бүхэл бүтэн институцийн хийж чадаагүй зүйл буюу монголын түүхийн ном бичээд гадныхны гар дээр тавьчихсан хүн юм шүү. Баабарын ном л биднийг нүүрийг тахалдаг. Би сайн эрдэмтдийг бэлдэж ном бүтээл гаргах хэрэгтэй. Тэндээс чинь дэлхийгээрээ эшлээд явчихдаг юм.

-Өнөөдөр бид хөгжлийн үлэмж сонирхолтой үе дээр ирчихсэн байна. Иргэншлийн хувьд, бодоод тооцоод үзвэл бидэнд аврал байхгүй. Найдвар тун өчүүхэн. 90 онд эргээд иргэншлийн, соёлын үнэт зүйлсээ өөд нь татах гэсэн чинь энэ барууны соёл, кока кола, хип хоп орж дараад хаячихлаа. Аргагүй л дээ, Америкын соёл бол супер залуу соёл. Бидэнд 2 сонголт байна. Нэгэнт энэ иргэншил нурж байгаам бол монгол соёл, уламжлал, үнэт зүйлсээ нэгмөсөн хаяад кола ууж баруунжих буюу америкжих, эсвэл угсаатны үнэт зүйлсээ хадгалж иргэншлийн уналтаа түр тоормозлуулах. Бид америкжаад амьдарч болно, болохгүй зүйл байхгүй. Энэ бол онолоор иргэншлээ солих. (Иргэншлээ авч үлдэх нь угсаатан залуужих гэдэг нь бололтой)Гэвч ямар ч үнэт зүйлсгүй хүмүүс байх ямар вэ?

-Өөрийгөө тодорхойлох гэж нэг юм бий. Бид ядуу, чадалгүй, технологигүй, нэр хүндгүй, боловсролгүй. Тэгсэн хэрнээ дэлхий дээр ач холбогдолтой болж эхэлж байна. Эндээс хүчний тэнцвэр гарч ирдэг. Орос тэндээс далайж, хятад эндээс хялайж эхлэв.

-Гүн ухаан, Түүх, Хууль энэ гурвыг мэдэж байж боловсролтой болно. Бодлого тодорхойлогч хүн болно. Энэ гурвыг мэддэг хүн алсын хараатай болдог. Нэмэх нь өөрийгөө илэрхийлэх чадвар. Эндээс хөрвөх чадвар.

-Жижиг орнуудын 4 аюул байдаг: 1. Дайн байлдаан 2. Баялгийн занга 3. Далайд гарцгүй мөртлөө муу хөрш 4. Муу засаглал

Өөр зөндөө юм ярьсөөн. Тэр болгоныг бичиж баршгүй. Энд жаахан хар бараанаас нь түүгээд биччихэж. Гэхдээ зүгээрээ, мань эр өөрөө ердөө зүгээр, өөрийгөө тодорхойлж чадах нь харин сайн гэсэн. Монгол гайхамшгийн тухай бишгүй ярьсан. Гуйвуулахгүй гэж оролдсон ч ойлгохгүй юм гарвал миний л муугийнх шүү. (2009.11.26)