Friday, June 15, 2012

Сонирхолтой хэл шинжлэл

За хө, муу блогоо ухаж гаргасугай. Хөөрхийгөө тоосонгүй он удав даа. Одооноос бичвэл бичсэн шиг, бичихдээ хүнд хэрэг болох юмс бичих гэж хичээнээ, барахнуу яахнуу.

Өнөөдөр хийж байгаа юмаа түр хойш тавиад нэг сайхан ном уншлаа. АНУ-ын Индианагийн Их Сургуульд судалгааны ажил хийж буй МУБИС-ийн Монгол Судлалын Сургуулийн багш Мягмарын Саруул-Эрдэнэ ахын "Сонирхолтой хэл шинжлэл" гэдэг ном. Гойд сонирхолтой болохоор нь худалдаж авсан дорхноо л машиндаад хаячлаа. Зохиогч хэл шинжлэлийн нарийн боловсорсон, ойлгоход бэрхтэй онол ухааныг "зүгээр л хоёр найз суугаад хууч хөөрч байгаа мэт, эсвэл болсон явдал, онигоо ярьж байгаа мэтээр санаагаа чөлөөтэй солилцон" бичихийг зорьж, үнэхээр ч бидний өдөр тутам хоорондоо харилцахдаа хэрэглэдэг энэ хэл гээч зүйлийн тухай элдэв жишээ баримт, онигоо, болсон явдлуудаар хачирлан сонирхолтой сайхнаар бичиж чаджээ. . "Нохой хичнээн уран сайхан хуцлаа ч эцгийгээ ядуу боловч шударга нэгэн байсан гэдгийг өгүүлж чадахгүй (Б.Рассел)" бол харин бүр баян, бас шударга эцэгтэй байсан гээд ч "гөрдөж" чадахаар төрсөн залуус биднийг зүй зохистой ярих хийгээд зөв найруулгатай бичихэд сургах их л хэрэгтэй ном байна шүү, та минь ээ! Миний олон шинэ содон зүйлс мэдэж авсны хамгийн наад захын жишээ гэвэл монгол хэл маань эртний үедээ өнөөгийн франц, орос мэтийн хэлүүд шиг хүйс тоогоор зохицдог байж ш дээ. Тэгээд зарим жишээ, онигоог нь уншаад бүр татаад унацан. Дүү бүр хэд хэдэн удаа гайхаж хараад, та хөөе зүгээрүү, аан? гэсэн ш дээ. Миний сонирхлыг хэл шинжлэлийг орчуулгын онолтой холбогдуулан бичсэн хэсэг нь бүр илүү татаж байлаа, одоо юм хум орчуулах болвол Ralph гэдгийг Ральф биш Ралф гэж бичих нь зүйтэй юм гэдгийг мэдэх болсоон.

Номын нь төгсгөлийн Та үүнийг мэдэх үү? булангаас:

***
"Бээжин"-гийн "жин-кин (Пекин)", "Токио"-гийн "кио", "Киото"-ийн "кио" бүгд нэг үг бөгөөд "нийслэл гэсэн утгатай"

***
АНУ-ын хамгийн урт газрын нэр бол Массачүсэтс муж дахь нэгэн нуурын нэр юм. Нутгийн Индианчуудын хэлээр уг нуурыг "чаргоггогоггманчауггогоггчаубунагунгамаугг" хэмээх нь "чи тэндээ загасаа барь, би эндээ загасаа барина, дунд нь хэн ч засаг барихгүй" гсн үг болно. Гярхай ажиглавал та энэ нэрэнд хэд хэд давтагдаж буй "загас" гэсэн үгийг "ггогогг" болохыг таньж чадна. (2010.9 сар)

1 comment:

  1. сонирхолтой юм байна. тэгээд ахиад битгий алга болчихоорой доо. төгсцөн биз дээ, одоо юу хийж байгаа вэ

    ReplyDelete