Friday, June 15, 2012

Өвгөн үгсийг өөртөө сануулав

Д.Урианхай абугайн "Өвгөн үг" номын хуудаснаас шүүрдбэй:

Зөв амьдрахуй

Зөв амьдрахуй гурван ёсонд буюу:
Үзэмжит эдийг биедээ "агсах" нь атаанд баригдахын даллага тул бусдын нүд асаах хэт хээнцэр гоёмсогт нэрмэгдэхгүй, бор жирд ханах лугаа нэг;
Үхээнц доройд угнагдах нь адаг шаагдахын даллага тул бусдын доромж дээрэнгүйг нэрдээ үл халдаах хэтий эрдэм чадалд ноён суух лугаа хоёр;
Өвдөх хийгээд зовох нь насад үл хүсэгдэх гаслан тул биедээ өвчин хуучгүй, сэтгэлдээ гэмээнэ хийснээ чамлах, хэмжээ хирийн багад адган харуусахаас өөр гэмшил, зовиурьгүйгээр амьдын далайг гэтлэх лугаа гурав болой.

Амьдралын томъёо


Өөрийөө үнэнхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү энд ч бүү үг дурс!
Үнэмлэхүй аугаа үйлд зорь! Хонь мэт номхон хүлцэнгүйгээр хичээн үйлд!
Үйлийнхээ үнэ цэнэд үнэнхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!
Итгэлээ үгүйсгэгдэшгүй үнэнд барь! Ертөнцийн чанар дотор өөр үнэн үгүйд цээжээ ягштал үнэмш!
Үхэн үхтэлээ үйлийнхээ үргэлжлэлд бүү эргэлз!
Энэ бөгөөс жаргалтай амьдралын "нууц томъёо"! (2000. Алтан тэвшийн хөндий)

Юуны тулд?

Хүмүүнд амьдрахуйн эрчим бүл юуны тулд заяадаг буй?
Хоёрхон тохиолд хэрэг буйн тулд буюу:
а. Өөрийн өмьдралд өнөө тохиосон бэрхийг давахад зарах, хэтэд тохиох бэрхийг давахад зарахаар нөөцлөх;
б. Өрөөлийн амьдралд өнөө тохиосон бэрхийг давахад нь туслаар зарах, хэтэд тохиох брхийг нь давахад туслаар нөөцлөх;
"Өгүүлсэн бэрх эс тохиовоос яах?" хэмээн өчүүхэнээ ч бүү эсэргэц!
Дэлхий-гараг тэнхлэггүй эс эргэхийн адил хүмүүний амьдрал өнөөд хийгээд хэтэд магад тохиох бэрхгүйгээр эс эмхрэх, хүн-гараг "тойрог"-т эс чадах аюу! (1991)

"Туулахуй"-н зарчим

"Туулахуйн зарчим"-ын хувьд, хүн хорвоогийн уудмыг "хоёр зээрд"-ээрээ таварсаар туулах ч ялаа үргээхтэй л адил! Гагцхүү, төө төөгөөр ч бай, хамаагүй, хороох л хэрэгтэй!
Өдөр бүр заавал хороох!
Болж өгвөл, цаг бүр!
Бүүр болж өгвөл, хором бүр!
Заавал хороох!...
Хором бүр хороон... эс зогсон... эс ухран... хоёр хөлөө юманд өчүүхэнээ ч эс бодон... огт эс хайрлан... эцсээ "туултал" үргэлж хоёр хөл дээрээ хүчлэн зогсож... хүмүүн биш мэт хүчлэн зогсож... өмнөх зайгаа үргэлж хороох хэрэгтэй!
Үргэлж!
Болж өгвөл өдөр бүр... цаг бүр... бүүр болж өгвөл, хором бүр!
Хором бүрд хоёр хөлөө хүчлэн...хүмүүн биш мэт хүчлэн... хэзээ ч эс ухран... хэзээ ч эс зогсон... гагцхүү урагш... заавал урагш... газар хороон "ялаан үргээх" хэрэгтэй!
Энэ бөгөөс "Туулахуй"-н зарчим! (1998) (2010.10 сарын бичлэг)

No comments:

Post a Comment